
Шинийн идээ
Шинийн идээ ундааг Их идээ, Бага идээ эсвэл цагаалга, битүүлэг гэнэ.
Их идээ гэдэг нь томхон цар тавагт зассан самнаа хавсай, ул хэвийн боов, самар, сүүл, шар цагаан тос, аарууд хурууд, бал бурам, үзэм, чавгаар чимэглэсэн идээг хэлдэг.
Бага идээ гэдэг нь багашааргахан няд тавагт зассан шүүс буюу өвчүү, хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг.
Шинийн нэгний идээ будааны шим шүлт, өнгө жавхаанаас тэр жилийн идэлгийн буян хишиг тогтоно гэж үздэг. Аягалах таваглахдаа ч гэсэн элбэг дүүрэн, бялхам баян байлгахыг эрхэм болгоно. Шиний идээг засахдаа цагаан идээний бэлэгдлийг эрхэм болгоно.
Их идээ буюу цагаан сарын тавгын идээг засахдаа хавсай боов буюу ул боовыг гурав, тав, долоо, ес давхарлах ёсон буй.
Нэгэн айл гэр, ураг төрлийн дээдэс болсон өвөг нь юм уу эцгийн гэрийн тавгийн идээг долоо давхарлан засдаг. Өвгийн гэрийн идээг долоон давхар, эцгийн гэрийн идээг таван давхар, ураглаж хуримласан хүүгийн гэрийн идээг гурван давхар засна. Таван тоонд ертөнцийн таван зүг, таван өнгө, таван махбодоос эхлээд таван тамсаг идээний амт цогцлохуйн бэлгэдэл утга оршмуй. Таван тансаг идээ гэдэг нь таван өнгө идээг хэлэх бөгөөд энэ нь дээрх таван махбодын таван өнгөтэй нийлэлцсэн байдаг.
Цагаан идээ гэдэг нь өрөм, сүү, ааруул, тараг, хурууд зэргийг хэлэх ба хар идээ гэдэг нь архи, ус хоёрыг, улаан идээ гэдэг нь мах шүүсний зүйлийг, шар идээ гэдэг нь шар тосны төрлийг хөх идээ гэдэг нь сонгино, сармис, гоньд, мангир юм.
Эхийг “Монгол ёс заншлын дунд тайлбар толь” номноос . . .
Угтан золгож буй “Баясгалан” хэмээх усан луу жилдээ Монгол зон олон минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, өвгөдийнхөө ёсыг дээдэлж, өнөр бүлээрээ сайхан шинэлээрэй.
H.X.T 2012.02.21

0 Сэтгэгдэл:
Post a Comment